FAQ

  1. Америкт суралцахын онцлог нь яг юу вэ? Бусад улсад суралцахаас юугаараа онцлог вэ?

    Америкт суралцахад дэлхийн хэмжээний боловсрол суралцах материалын хангалттай байдал төгсөгчдийг хамарсан том сүлжээ зэрэг олон давуу талууд бий Тэр дундаас бусад улс орны сургуулиудтай харьцуулахад тухайн сургуульдаа тэнцэж чадвал тэтгэлэг хангалттай хүртэх боломж ба мэргэжлээ 2р курстээ сонгох боломж гол ялгарах онцлогууд болдог.

  2. Монголд дунд сургуулиа 11 эсвэл 12 жилээр төгссөн сурагчид шууд Америкийн их дээд сургуулиудад суралцах боломжтой юу?

    Бүрэн боломжтой. Яг энэ байдлаар Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй маш олон монгол оюутнууд бий. Америкийн их сургуулиуд дэлхийн орон бүхний дунд сургуулийн системийг хүлээн зөвшөөрдөг.

  3. Америкийн их дээд сургуулиудад суралцахад ямар шалгуур, шалгалтуудыг өгөх ёстой вэ?

    1-р курсын шинэ оюутан болж элсэх сонирхолтой байгаа бол ямарваа нэгэн их сргуульд суралцаж эхлээгүй, элсэх намраа дунд сургуулиа төгссөн сурагч байх ёстой. Хамгийн гол гэж хэлж болохоор шалгалт нь SAT бөгөөд тус шалгалт нь шүүмжлэн унших, шүүмжлэн бичих, математик гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр 800 оноотой.

  4. Шалгалтын оноо л байхад хангалттай юу? Өргөдөлд юу багтдаг вэ?

    Үгүй. Шалгалтын оноо нь таны өргөдлийн зөвхөн тодорхой хэсгийг л бүрдүүлдэг. Их сургуулиуд оюутныг авахдаа бүх талаас нь таньж мэдэх зорилготой байдаг учир өргөдөлд таныг бүх талаас нь таньж мэдэх зорилготой хэд хэдэн зүйлс багтана. Үүнд: хувийн эсээ, багшийн тодорхойлох захидлууд, дунд сургуулийн дүнгийн хуулбар, SAT эсвэл ACT шалгалтын оноо, TOEFL шалгалтын оноо зэрэг нь гол хэсгүүд болдог.

  5. Өргөдлөө хэзээ явуулах ёстой вэ?

    Сургууль бүрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа харилцан адилгүй боловч шилдэг гэгдэх ихэнх их дээд сургуулиуд 1 сарын 1-ээр өргөдлөө хүлээн авч дуусдаг. Өөрөөр хэлбэл та 2016 оны намар нэгэн сургуульд элсэн орох хүсэлтэй байгаа бол 2016 оны 1 сарын 1-ээс өмнө өөрийн өргөдлийг явуулсан байх ёстой. Тиймээс суралцахаас жилийн өмнөөс өөрийн өргөдлийг бүрдүүлж эхлэх ёстой юм.

  6. Аль хэдийн дунд сургуулиа төгссөн бол яах вэ? Одоо ингээд ямар ч боломжгүй гэсэн үг үү?

    Төгссөн ч гэсэн их сургуульд элсэн ороогүй байгаа бол та шинэ оюутны өргөдлөө өгөх бүрэн боломжтой. Америкийн их дээд сургуулиудад “gap year” буюу завсар авсан жил хэмээх ойлголт байдаг буюу дунд сургуулиа төгсөөд шууд их сургуульд элсэн оролгүй өөр зүйл хийж байгаад бэлэн болсон гэж бодсон үедээ их сургуульд элсэн орж болдог. Харин их сургуульд элсэн орсон байгаа бол “шилжин суралцагч оюутны” өргөдөл бөглөх шаардлагатай болдог ба энэ нь өөр үйл явц юм.

Leave a comment