CAS Session 2 | Engineering/Applied Sciences/Science

АМОХ-ны төгсөгчид болон Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээтэй хамтран AMSA-CAS буюу мэргэжил болон ажил сонголтын талаарх цахим уулзалтын 2-р цуврал “Engineering/Applied Sciences/Science” сэдвээр 2016 оны 5 сарын 1-ны ням гарагт EST цагаар өдрийн 8PM цагт явагдаж өнгөрлөө.

This slideshow requires JavaScript.

2016-2017 оны Удирдах Зөвлөлийн гишүүд сонгогдлоо

2016-2017_TUZ

2016-2017 оны Удирдах Зөвлөлийн гишүүд ээлжит гишүүдийн сонгуулиар сонгогдлоо. 2016 оны 4 сарын эхээр шинэ УЗ-н гишүүд ажлаа хүлээж авлаа.

Шинэ УЗ-н гишүүдийн талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ танилцаарай.

CAS буюу Career Advising Session анх удаагаа болж өнгөрлөө

12768347_531101393717979_3807826113854193914_o

Өнгөрсөн 2016 оны 3 сарын 12-ны өдөр АМОХ-н гишүүдийн дунд шинэхэн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэ нь АМОХ-н төгсөгчид болон Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээтэй (MYLP) хамтран AMSA-CAS буюу их сургуулиа төгсөөд хэрхэх талаарх цуврал цахим ярилцлагуудыг эхлүүлсэн юм. Энэхүү ярилцлага нь group google hangout хэлбэрээр явагдах бөгөөд энэ үеэр уг ярилцлагад орохоор бүртгүүлсэн АМОХ-н гишүүд зочин оролцогчоос сонирхсон асуултнуудаа асууж болох бөгөөд оюутнууд маань сонирхсон асуултаа бидэнд цахим хэлбэрээр явуулж болно юм. Хамгийн анхны ярилцлагийн салхийг хагалж Computer Science чиглэлээр суралцаж байгаа, ажиллаж байгаа 4 ментор маань оролцсон ба ярилцлага youtube-ээр шууд цацагдсан тул Монголд ч шууд үзэх боломжтой байлаа.

Participants-page-001.jpg

Уг ярилцлагад орохоор бүртгүүлсэн АМОХ-н гишүүн оюутнууд маань сонирхсон асуултаа асууж, мөн ярилцлагийг хөтлөн явуулсан Д.Болд (АМОХ-н тэргүүн 2015-2016) болон Б.Цацрал (АМОХ-н дотоод хэргийн албаны дарга 2015-2016) нь цахимаар оюутнуудаас хүлээж авсан асуултуудаа 4 менторуудаас асууж менторуудын мэдээлэл туршлагаас хуваалцсан 1 цаг 12 минутын ярилцлага болж өндөрлөлөө. Youtube дээрх анхны CAS бичлэгийг ЭНДЭЭС орж үзнэ үү.
Хэрвээ та ярилцлагийн бичлэгийг үзсэн бол санал хүсэлтээ  ЭНД ДАРЖ бидэнд ирүүлэхээ мартваа. Энэ нь бидний цаашдын CAS-г илүү амжилттай, үр дүндэй хийхэд туслах болно. Баярлалаа.

Хүндэтгэсэн,
АМОХ

АМОХ-н Сүлд Дуу

Эх Hутгаа Mартахгүй ээ

Сайн байцгаана уу. Дөрөвдүгээр Чуулга Уулзалтыг маань тохиолдуулж манай холбооны гишүүн Albion College-ийг 2015 оны 5 сард төгссөн Б. Оргил маань холбооны сүлд дууг зохиож өгсөн билээ. Оргилдоо маш их баярлалаа.

Энд дарж АМОХ-н Сүлд Дууг сонсоорой. 

“Эх Нутгаа Мартахгүй”

Тэр надаас холдсон ч, мартахгүй ээ мартахгүй ээ
Найз нөхөд минь, баяртай баяртай
Учир би тугаа мандуулахаар явсан, явсаар

Баяртай, баяртай нутаг минь
Мартахгүй ээ мартахгүй ээ түмэн минь
Учир би тугаа мандуулахаар явсан, явсаар

Гэр надаас холдсон ч мартахгүй ээ мартахгүй ээ
Ах дүүс минь бүгд баяртай баяртай
Учир би тугаа мандуулахаар явсан, явсаар

Лалалалалалалалала х 4

Учир би тугаа мандуулахаар явсан, явсаар
Учир би тугаа мандуулахаар явсан, явсаар

#amsaAGM2015

 

 

Америк дахь Монгол Оюутны Холбооны Залуус Дөрөв дэх Ерөнхий Чуулга Уулзалтандаа амжилттай оролцлоо

IMG_2554

Жил бүр Талархлын Баярын амралтыг тохиолдуулан Монгол Оюутнууд цугларан мэдэж сурснаа хуваалцаж, цаашдаа эх орондоо хэрхэн хөрөнгө оруулалт хийж чадах талаар хэлэлцдэг билээ. Энэ жилийн уулзалт Мичиганы Их Сургуулийн (University of Michigan) төв кампуст 11 сарын 27 болон 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Төрийн дууллаар эхэлж Халуун элгэн нутгаар өндөрлөсөн өдөрлөгт Америкын мужуудаас нийт 74 оюутан хүрэлцэн ирэв ээ. Нисэх нь нисээд, машин, вагоноор арав гаран цаг аялах нь аялаад Анн Арбор хотод ирсэн гишүүдийн эхний өдөр Монгол кино үзсэнээр эхлэв. Ихэнх нь 20 орчим насны залуус бидний хэлдгээр “дээр үеийн” гэх хар цагаан Монгол киног үзье гээд санал нэгдсэний эцэст Мартагдашгүй Намар киног үзэн баахан инээлдэцгээлээ.

Ер нь хүн эх орноосоо хол байгаад эхлэхээр эх орноо санаж, уламжлалт соёл урлаг, түүхээ илүү сонирхож эхэлдэгийг харь оронд удаан хугацаагаар суралцаж, ажиллаж байгаа хүмүүс сэтгэлийнхээ угаас мэдэх биз ээ. Тийм ч учраас жилдээ нэг олноороо уулздаг уулзалтыхаа үед Монголоороо амьсгалахыг, Монголоороо бахархахыг хүссэн залуус бид уулзалтыхаа сэдвийг “Бид Монгол Оюутан” уриан дор зохион байгуулсан юм. Цөөхөн хүн амтай Монголынхоо ёс заншил, соёл урлагийг залуус бид уламжлан авч Монголыг Монголоор нь байлгах үүрэгтэй. Монгол гэж цээжээ балбан хий хоосон гадныхныг гадуурхан үзэж тэднээс илүү мэт аашлах гэсэндээ бус бидний уг язгуурыг тодорхойлогч ёс заншил, түүхээ бүрэн судалчихаад дэлхийн түвшинд эх орныхоо хөгжлийг хөтлөн аваачих агуу хүсэлтэй залуус билээ бид!

Чуулга уулзалтын танхимын жаврыг  морин хуурч гишүүд болох Баяржавхлан болон Урандарь нар үргээж зочин илтгэгч нараа угтан авахад бэлэн боллоо.

Зочид  маань илтгэлээ тавьж бидэнд нэгийг ухааруулсан бөгөөд тэднийг дурдваас:

Минжингийн Болорцэцэг– Нью Ёорк хотоос зорин ирсэн Монголын Динозаврын Музейн Төвийн тэргүүн эгчийн яриа Монгол улс маань ямар их үнэт баялагтайг бидэнд мэдрүүлсэн юм. Түүний Монгол руу чиглэсэн үйл ажиллагаанаас дурдвал 2007 онд Монголын палентологийн салбарыг хөгжүүлэх, салбарынхаа залуу боловсон хүчин бэлтгэх, соёлын өв болох динозавруудыг хамгаалж, хадгалах мөн олон нийт, хүүхэд залуучуудад шинжлэх ухааныг танин мэдүүлэх зориглоор  Монгол Динозавр Судлалын Хүрээлэн ТББ байгуулан ажиллаж байгаа. Болорцэцэг эгчийг Т.Батаарыг гадагш гаргах асуудлыг таслан зогсоосон баатарлаг үйлсээр нь Монголчууд сайн таних биз ээ.

Нацагдоржийн Тэмүүлэн -Мичиганы Их Сургуулийн Хөгжиж буй Орнуудад Эрүүл Мэндийн Судалгааг Зохион Байгуулдаг Хөтөлбөрийг удирдан явуулдаг эгч маань “Бидний Цуурайтах Дуу Хоолой” сэдэвтэй өвөрмөц содон илтгэлээ Are you Korean?(Чи Солонгос уу?) You look like Japanese (Чи яг Япон хүн шиг хатагддаг), Do you speak Chinese? (Чи Хятадаар ярьдаг уу?) гэх Америкт амьдардаг Монголчууд бидний гадныхнаас байнга сонсдог “дургүй” асуултаар эхлэв. Тэр 20 гаран жил Америкт амьдарч байгаа ч шинээр хүнтэй танилцах бүрт сонсдог эдгээр асуултууд хэвээр…

Хэдийгээр Тэмүүлэн эгч маань Америкт суурьшин амьдардаг ч түүний сэтгэл үргэлж Монголтойгоо уяатай.  Мичиганы Их Сургуульд анх ирж ажиллахдаа Монгол оюутан байвал хамтраад Монголын Оюутны байгууллага байгуулъя хэмээн бодож байсан ч түүнийг ажиллаж эхлэхэд нэг ч Монгол оюутан байсангүй.  2012 онд Цацрал миний бие болон Л. Энхжаргал нар Мичиганы Их сургуульд суралцахаар ирсэн бөгөөд бид 3 Mongolian Cultural Organization (MCO) буюу Монголын Соёлын байгууллагыг 2012 оны 10 сард байгуулж сургуульд данстай оюутны байгууллага болгон  бүртгүүлсэн юм. Өдгөө гурван жилийн хугацаанд өргөжин тэлсээр, ойр хавийн амьдардаг, сурдаг Монголчууд шинээр элссээр одоо 80-аад гишүүдтэй болжээ. Бидний бүтээсэн ажлуудаас дурдвал:

  • World Medical Relief гэх эмнэлгийн хуучин багаж цуглуулдаг байгууллагаас контайнер дүүрэн эмнэлгийн багажийг шинээр баригдсан Хүүхдийн Хавдрын Эмнэлэгт хандивлахаар мөнгөө цуглуулаад дууссан бөгөөд контайнер 2016 онд Монголд хүргэгдэх төлөвлөгөөтэй байна.
  • Багануур дүүргийн ахлах сургуулийн хүүхдүүдээс 20 хүүхэд шалгаруулан авч Мичиганы оюутнууд онлайнаар ментор хийж Америкт суралцах, англи хэлээ сайжруулах заавар зөвлөгөөг өгөх Орон Нутгийн Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөр амжилттай явагдаж байгаа бөгөөд цааш цаашдаа үргэлжлүүлэн зохиох төлөвлөгөөтэй байна.
  • Кампус дахь соёлын үйл ажиллагаанд оролцох, Цагаан Сар, Наадмын баярыг гадныханд таниулах үйл ажиллагааг зохион байгуулсаар явж байна.

Мөн Тэмүүлэн эгч маань өөрийн ажлын дагуу Монгол руу чиглэсэн судалгааг эхлүүлсэн бөгөөд, жил бүр 2 Америк оюутан Монголд очиж усны дээж цуглуулж, тус дээжийг Мичиганы Их Сургуулийн лабораторид судалдаг билээ.

Тэмүүлэн эгч оюутан бүр сургуулийнхаа кампус дээр Монголын байгууллага байгуулцгаая, хүчээ нэгтээд эх нутаг руугаа чиглэсэн дорвитой үйл ажиллагааг явуулцгаая гэсэн хүчтэй мессежийг илтгэлээрээ өгч чадсан юм.

Түүний илтгэл “Бүгдээрээ Are you Mongolian? (Чи Монгол уу?) гэж асуудаг болгоцгооё” хэмээн омог бардам уриалгаар өндөрлөлөө.

Гантөмөрийн Эрдэнэбат болон түүний гэргий Гантулгын Эрдэнэбулган нар хоёул инженер мэргэжилтэй хэрнээ түүхийн олон ном уншиж судласан. Харь оронд байгаа ч хэрхэн бие даан эх түүхээ судлах боломжтой, яагаад түүхээ судлах нь чухал гэдгийг  учигласан илтгэлийг хамтран хүргэсэн юм.

Өвөрмонголын Хөххотод төрж өссөн Мичиганы Их Сургуулийн профессор Боржигин овогтой Жимо багш маань эмзэг сэдэв хөндөн ярьсан юм.Тэрээр Өвөрмонголчууд бид азтай, учир нь гэвэл Хятадын бусад цөөнх үндэстнүүдтэй адилгүй бидэнд Ар Монгол бий. Бидний хэл соёл энд уусаад үгүй болсон ч ар Монголд үргэлжилсээр байх болно гэж хэлсэн нь сэтгэл хөдөлгөн нүдийг чийгтүүлээд авлаа.

За тэгээд оюутнуудаас маань АМОХ-ны тэргүүн Жиоржиагийн Технологийн Инститютэд үйлдвэрлэлийн инженер болон эдийн засгийн давхар мэргэжлээр суралцдаг Д. Болд хуран цугласан оюутнуудыг бийр шүүрч аваад Монгол бичгээрээ дээрээс доош таталган бичих хүсэл эрмэлзлийг төртөл Монгол бичгийн ашигтай талуудыг батлах нотлох баримттай, сайн судалгаатайгаар хүргэсэн юм.

АМОХ-ны төслийн удирдагч Пенсилвани мужийн Их Сургуулийн Сэргээгдэх Эрчим Хүчний Инженер чиглэлээр суралцдаг С. Оюун-Эрдэнэ олон цаг илтгэгчдийн яриа сонсон суугаад бие нь чилсэн оюутнудын чилээг Монгол бүжиг бүжиглүүлэн гаргаснаас гадна хөөрхөн инээд, цоглог дуугаараа олны хөх инээдийг хүргээд танхим дүүрэн хүмүүс Монгол сэтгэл, Монгол инээдэм, Монгол бүжигчдээр дүүрсэн нь сэтгэл огшуулсан мөчүүдийн нэг байлаа.

Кампус аялал болон спортын өдөрлөгөөр эхний өдөр үргэлжлээд BD’s Mongolian Barbecue-д оройн хоол идэн бие биетэйгээ илүү сайн танилцаж авснаар өндөрлөлөө.

Чуулга Уулзалтын хоёр дахь өдөр оюутан хоорондын мэдлэг солицох цаг байсан бөгөөд энэ жилээс уламжлал болон зохиогдож буй Оюутны Индэр буюу хүссэн оюутан өөрийн туршлагаа бусадтайгаа хуваалцах нээлттэй индэрийн хөтөлбөрт маань доорх гишүүд оролцсон юм.

  • С. Оюун-Эрдэнэ  “I know Mongolia төсөл”

Ганц дайчин ганцаардахгүй гэгчийг харуулсн Оку маань өөрийн сургууль дээрээ эхлүүлсэн Монголыг танин мэдүүлэх I know Mongolia төслийн талаар бусадтайгаа хуваалцсан юм. Үнэхээр л гадний найзууд маань Монголын талаар мэдээлэл авъя гэхээр википедиа хуудас, түүхийн хэдэн мэдээлэл байхаас, бүрэн цогц мөн орчин үеийн Монголын мэдээлэл гадныханд олдох нь  ховор байдаг билээ. Окугын төсөл амжилттай хэрэгжээд олон хүнд Монгол орныг танин мэдүүлэх болно гэдэгт бид гүн итгэлтэй байна.

  • Б. Цэнгүүн “Graduate сургуульд элсэх, суралцах”

Маркют Их сургуульд электроникийн инженер чиглэлээр магистрт суралцдаг арван жилийн анд Б. Цэнгүүн маань бакалавраар суралцдаг дүү нартаа хэрхэн магистр  болон докторт сурах бэлтгэлээ хийх вэ талаар үнэтэй зөвлөгөө хайрласан юм.

  • Б. Тэлмүүн “Төрд ажиллах”

Корнелл Их Сургуульд Фуллбрайт тэтгэлгээр магистрын зэргээ хамгаалж буй   Б. Тэлмүүн бидний дундаас ёстой нөгөө өөрийнх нь хэлдгээр хамгийн арвин ажлын туршлагатай “чапак” нь байлаа. Төрд ажиллах туршлагаасаа хуваалцаж бидний өдөр бүр сонсоод байдаггүй англиар бол networking, Монголоор харин бараан утгатайгаар хэрэглэгдээд заншчихсан “арын хаалга” талаар жинтэй хэдэн үг хэлээд авна лээ.

  • Х. Ундрахбаяр “Оюутны амьдрал, дадлага ажил”

Цөөхөн Монгол оюутан суралцсан Америкын Цэргийн Их сургууль The Citadel-ийн төгсөгч маань өөрийн оюутны амьдралын туршлагаасаа хуваалцахаас гадна одоо Америкийн хиймэл хөл гар хийдэг копанид ажилладгийн хувьд хэрхэн Америк компанид ажлын өргөдлөө мэдүүлэх талаар дүү нартаа зөвлөгөө өгсөн юм. Мөн түүний Монголд хөл гаргүй нэгэн залууг Америкт авч ирж бүрэн хиймэл хөл гар хийлгэж, сургалтад явуулах наяад мянган долларын өртөгтэй ажлыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсныг сонсоод гишүүд маань бахархаж дор бүрнээ би ч бас Монголдоо өөрийн чадахаараа тусална гэсэн бяцхан галыг асаагаад авсан юм.

Дашрамд хэлэхэд Ундрахбаяр Америкийн коллежийн бөхийн аварга шалгаруулах тэмцээнд (NCAA) амжилттай оролцож Монголын нэрээ цуурайтуулж байсан гавъяатай хүн шүү.

Бусад гишүүд маань оюутан байх хугацаандаа аль болох завгүй бай, оюутны байгууллагуудад хамрагд, ажил хийж туршлага хуримтлуул, танилын хүрээгээ ихэсгэ зэрэг бодууштай тушлагаасаа хуваалцлаа.

  • Л. Энхжаргал “Коллежийн жилүүдээ эргэн харахад”
  • Д. Болд “Америкт суралцсан туршлага”
  • Б. Гомбо “Танилын хүрээ”
  • Б. Мягмарсүрэн  “Кампус дахь ажлын туршлага”
  • Б. Батбилэг “Кампус дахь үйл ажиллагаанд, оюутны байгууллагуудад оролцох”

 Мөн түүнчлэн авъяастай АМОХ гишүүн Б. Оргил “Эх Нутгаа Мартахгүй ээ” хэмээх дууг зохион чуулга уулзалтын хаалтын ажиллагаан дээр бидэнд толилуулсан бөгөөд дараа дараагийн Чуулга Уулзалтын Хаалтыг Оргилын дуугаар өндөрлөж байх уламжлалтай болоод авсан шүү.

 Төслийн Тэмцээн

Төслийн тэмцээнд нийт 6-н төсөл өрсөлдсөн бөгөөд гадаад харилцааны дарга Хишигсүрэн маань төслийн уралдаанд оролцогчдыг шүүгээд хамгийн хэрэгжих боломжтой, хамгийн үр өгөөжтэй, шагналын 300 долларыг хамгийн хэрэгцээтэй зүйлд зарцуулж болохоор хэмээн дүгнэж Өсөхбаяр тэргүүтэй Хөтөч багийханд шагналыг гардууллаа. Хөтөч багийн гишүүд болох Дөлгөөннаран, Аззаяа, Баяржавхлан, Энхтөр, Ганзориг, Өсөхбаяр нартаа баяр хүргэхээс гадна цаашдын төсөлд нь томоос том амжилт хүсье. Хийсэн ажил нь олон Монгол залуусын ирээдүйг зөв зам руу нь хөтлөх болтугай.

IMG_0179

Төслийн тэмцээнд оролцогчид:

  • Л. Энхжаргал “Судлаач Монгол Оюутан”
  • Х. Тэнгисболд “Америкт суралцах талаар мэдээлэлтэй CD хэвлэх”
  • Э. Өсөхбаяр “Хөтөч”
  • Г. Мишээл “Хуучин ном түрээслүүлэх болон түрээслэн авах вэбсайт”
  • С. Оюун-Эрдэнэ  “Динозавртай үлгэрийн ном хэвлүүлэх”
  • Б. Жавхлан “Мэдлэгийн Сан”

Мичиганы Их Сургуулийн Флинт салбарт Үйлдвэрийн Инженер чиглэлээр суралцдаг Өсөхбаяр болон түүний Хөтөч төслийн багийн хамт олон арван жилийн дүү нартаа мэргэжлээ сонгоход нь хөтөч болох цуврал бичлэгүүдийг хийн интернетэд цацах ажилдаа аль хэдийн ороод эхэлчихсэн. Мэргэжил бүрээр сурдаг оюутан, ажилладаг мэргэжилтэн болон тус мэргэжлийн хичээлийг заадаг профессоруудаас ярилцага авч дамжуулах Хөтөч төсөл Монголын залууст тулгараад байгаа математикдаа сайн бол эдийн засагч, физиктээ сайн бол электроникч, химидээ сайн бол эмч болноо гэх явцуу мэргэжил сонголтын асуудлыг шийдэхэд тус болох юм.

Багийн Тэмцээн

Гишүүдийг хооронд нь илүү сайн танилцуулах үүднээс нийт 9 багт хуваасан бөгөөд 2 өдрийн турш багийн тэмцээн явагдсаар байсан. Авхаалж самбаа идэвхиээрээ КОБРА багийхан ялж АМОХ-ны сүлд болох Алсын Хараатай Ботгоны зурагтай аяганы суурийн эзэд болцгоолоо. Баг хоорондын тэмцээнүүдийн нэг нь АМОХ-д Монголоос тогтмол ирдэг Америкт суралцах талаар асуултуудад товч хариулсан бичлэг хийх байсан бөгөөд бичлэгүүдийг эндээс үзэх боломжтой. Бичлэгүүд

Кобра багтаа баяр хүргэе! Хссссссссс

IMG_0192

За тэгээд энэ хоёр өдрийн хөтөлбөрийг байдаг бүх л утгаар нь хором бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөхийн тулд арын албанд АМОХ удирдах зөвлөлийн бидэн 7 ажилласан юм.

IMG_0090.JPG

Д.Болд –Тэргүүн

Б.Цацрал- Дотоод хэргийн албаны дарга

А. Дуламжав Маркетингийн албаны дарга

Э. Тэмүүлэн- Технологийн албаны дарга

Ц. Удвал-Санхүүгийн албаны дарга

Ж. Хишигсүрэн- Гадаад харилцааны албаны дарга

С. Оюун-Эрдэнэ-Төслийн менежер

Манай маркетингийн албаны дарга Дуламжавын  загварыг нь гаргасан Монгол бичгээр урд талдаа Бид Монгол Оюутан, хойноо Америк дахь Монгол Оюутны Холбоо гэж бичсэн футболка олны магтаалыг авахаас гадна бусад хуралд ирж чадаагүй гишүүд “Хүүе, яасан гоё футболка вэ, илүү байвал зарах уу” гэж асуутал ганган футболкатай залуус нүүр номоор нэг зургаа түгээв.

Манай Удвал санхүүгийн албаны дарга болохоор АМОХ-ыхан түүнийг “ааштай аниа” аятай хүлээж авна. Бүртгэлийн мөнгө, буудлын мөнгө, хоолны мөнгө, мөнгө, мөнгө гээд л холбооныхоо дансыг тэглэх гээд л шаргуу ажиллана. Нэмж хэлэхэд энэ жилийн хурлын бүртгэлийн хураамж түрүүлж бүртгүүлбэл 13 доллар буюу оюутны 1.5 цаг ажиллаад л олох боломжтой мөнгө байсан.

Хоёр сарын турш долоо хоног бүр онлайн уулзалтанд орон хичээлийхээ завсар зайгаар “жижиг сажиг” асуудлуудыг зохьцуулсны ачаар оролцогчдын сэтгэл ханамж өндөр сургууль сургууль руугаа аяны жолоог татацгаалаа.

Ингээд алс холын Америк орны Мичиган Юнион гэх байшинд Халуун Элгэн Нутаг дууг 74 Монгол хоолой уянгалуулж хоёр өдрийн чуулга уулзалт дурсамжтай, дуутай, бүжигтэй, ухаарал эрч хүч урам зоригийг бадраасан өдөрлөг болон өндөрлөлөө.

Удахгүй уулзахын ерөөлийг дэвшүүлье!

Мичиганы Их Сургуулийн Химийн Инженер мэргэжлээр суралцагч Батцэнгэлийн Цацрал

2015 оны 12 сарын 5

Анн Арбор Хот, Мичиган Муж

 

 

 

 

SAT-н шалгалт гэж юу вэ?

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд дөрөвдүгээр багийн хийсэн SAT-н шалгалтын талаар бичлэгийг толилуулья

Магистр, Докторт сурахаар apply хийх

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд долдугаар багийн хийсэн Магистр, Докторт сурахаар apply хийх талаар бичлэгийг толилуулья

Фулбрайтын тэтгэлэг / Fullbright Scholarship

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд хоёрдугаар багийн хийсэн Фулбрайтын тэтгэлэгийн талаар бичлэгийг толилуулья.

Мэргэжил сонголт

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд наймдугаар багийн хийсэн Мэргэжил Сонголтын талаар бичлэгийг толилуулья.

Коммюнити коллеж(Community college) гэж юу вэ?

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд дөрөвдүгээр багийн хийсэн Коммюнити коллежийн талаар бичлэгийг толилуулья.

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: